Арвандөрөв. ***
Завь хүрч ирэхэд бид мэнд усаа мэдэлцээд усан дээр гурав хонох шахсан тухайгаа хэлж уг моторт завь ч биднийг эрэг рүү хэсэгчлэн зөөж эхэллээ. Хамгийн түрүүн жуулчдыг ачаатай нь хамт эрэг рүү зөөлөө. Үүний дараа би үлдсэн ачаатай, жолоочтой хамт эрэг рүү хөдөллөө. Биднийг эрэг дээр ирэхтэй зэрэгцэн усан онгоцыг чирч авчирахаар бас нэг усан онгоц зөрж хөдөллөө. Биднийг уг эргийн амралтан дээр тухлаад удаагүй байхад Баяраа захирал орж ирлээ. Тэр энэ бүхнийг хотоос сонсоод Мөрөнгөөс тэр өдрөө л гарсан аж. Баяраа намайг сансарын утас эвдэлснийг мэдээд их санаа зовсон байдалтай толгой сэгсэрч утсаа авчирч үзүүлэхийг даалгалаа. Тэр утсыг найдваргүй болсоныг харсаны дараа утсыг авч би энэ утсыг хот руу өгч явуулна. Чи одоо энэ хүмүүсийг аваад цаашаа яв. Утсаар ярих боломжтой болсон үедээ заавал ярьж, юу болж байгаа тухайгаа хэлж байхыг даалгалаа. Би ч толгой дохин гэм хийсэн хүн шиг л дуугүй суулаа. Энэ өдөр бүх жуулчид амь аврагдсандаа баяртай, сэтгэл хангалуун байгаа нь царайнаас нь илт байлаа. Кэйт энэ бүхнийг тэмдэглэх хэрэгтэй гэж цагаан архи гарган бүгдэд хундаглаж өгөв. Гэсэн хэдий ч би маргааш өглөө нь Цэцэгээгээс намайг амрахаар явахад жуулчид Баяраа руу нийлж дайран барьж идэх нь холгүй байсан тухай сонссон юм. Түүний ярьж байгаагаар хамгийн их гомдоллож байсан нь Кэйт, Жэйн хоёр байсан аж. Гэсэн хэдий ч Баяраа өөрийн хамаг ур чадварыг шавхсан уу, эсвэл жуулчдад адал явдал таалагдсан уу ямар ч гэсэн бид аялалаа цааш үргэлжлүүлсэн юм. Ингээд бидний усан дээрх бяцхан адал явдал өндөрлөж цаашид улам их адал явдалтай тулгарах аялал маань үргэлжилсэн юм...