ТА МИНИЙ БЛОГИЙН 27387 ДАХЬ ЗОЧИН
2008-07-27
1-6

Зургаа.***

Жуулчид онгоцны буудлаас уван цуван гарч ирсээр 6 хүн болох үед жолооч бид хоёр цүнхийг нь ачиж аваад Баянгол зочид буудал руу ухасхийж тэндээ жуулчдаа оруулаад буцлаа. Компани руу явж очих үед Саруул та өнөөдөр явж аялалд явах бэлтгэлээ хий, Хөвсгөлд их хүйтэн учир дулаан хувцас аваарай гэж хэлэв. Түүний дууны өнгө энэ удаад арай зөөлөрсөн санагдав. Би ч явж тэр өдрийг барааны захаар хэсэж өнгөрүүлэв. Маргааш өглөө эрт аялалд гарах байсан тул би энэ оройг бүтэн нойртой сайн унтаж өнгөрүүлэхээр шийдэж Энхмаатай утсаар ярьсаны дараа утсаа унтрааж тавиад толгойгоо дэрэн дээр тавингуут нам унтсан байлаа. Өглөө эрт жуулчидтайгаа нэг бүрчлэн танилцлаа. Бид өмнө нь онгоцны буудал дээр мэнд усаа мэдэлцсэн боловч яг хэн нь хэн бэ гэдгийг хараахан таньж амжаагүй байв. Жуулчдын хамгийн этгээд хүн нь Жим гэгч 60 хүрч байгаа болов уу гэмээр эр байв. Өрөөсөн хиймэл нүдтэй, шанааныхаа үсийг өнгө өнгийн тууз оруулан сүлжсэн, эртний Монгол ноёдыг санагдуулам ооч сахалтай эр байв. Тэрээр этгээд гадаад төрхтэйгээс гадна этгээд зан харьцаатай нэгэн байлаа. Жуулчид дотроос хэнтэй нь ч найзлахгүй, байнга өөрийн гэсэн орон зайг хадгалж яваа нь шууд нүдэнд тусч байв. Би хүмүүсийг ажиглахдаа хамгийн содон хүмүүсийг эхэлж ажигладаг зангаараа хамгийн түрүүнд Жимийг ажигласан байлаа. Дараа нь ээж, охин хоёр анхаарлыг минь татав. Ээж нь Мерри гэх буурал авгай байх бөгөөд үс нь буурлыг эс тооцвол хэн ч харсан сайхан бүсгүй гэж хэлэхээр залуухан төрхтэй, эелдэг хүн байв. Би гадаад хүмүүс яагаад ингэж сайхан хөгширдөг болохыг үргэлж гайхдаг байв. Түүний охин Жеси гэх годогоносон охин байх бөгөөд би 16, 17 орчим насны охин байх гэж бодсон нь тэдэнтэй ярилцах үед худлаа болж түүнийг 25 настай гэдгийг мэдэж авлаа. Тэрээр Америкт Англи хэлний багш хийдэг гэж өөрийгөө танилцуулахад ээж нь надад хандан чи манай охиноор англиар яаж зөв ярихыг заалгаж ав гэж зөвлөлөө. Бусдын яриаг үргэлж хүндэтгэлтэй сонсож, чимээгүй суух нэгэн аварга эр байсныг сүүлд Майк гэдгийг мэдэж авлаа. Тэрээр үргэлж Мандолин хөгжим үүрч явах бөгөөд Америкийн эртний дуунууд боловуу гэхээр дуунуудыг маш чадварлаг тоглож дуулдаг хүн байв. Дараа нь аварга Майкаас нуруу, биеэр дутахааргүй Швед улсаас ирсэн аварга эр Петертэй танилцлаа. Тэрээр Марио гэх компьютерийн тоглоом дээр гардаг гол баатартай их төстэй хүн байлаа. Хамар доороо том сахалтай гэнэн цайлган гэмээр яриатай хүн байлаа. Үүний дараа ямар ч хүнтэй найз байх чадвартай боловуу гэмээр яриа хөөрөөтэй надтай ойролцоо насны Канад залуу болох Пит байв. Пит Канадад аудитийн пүүст аудитор хийдэг чамгүй боловсролтой залуу байлаа. Түүний бусадтай харилцаж байгаа байдлыг харахад бусдын үгэнд хүч нэмсэн ганц хоёр үг хэлж, инээдтэй зүйл ярихад чанга инээхээс биш өөрийнхөө тухай ярих, ярианы гол тоглогч байх ямар ч бодолгүй байдаг нь анзаарагдав. Гэхдээ л тэр бусдын дунд үргэлж уриалагч маягийн дүрд тоглодог болох нь ойлгомжтой байв. Америктаа интернетийн худалдаа эрхэлдэг гэх Женнитэй мөн танилцав. Тэр жаахан охин шиг харагдах мөртлөө 40 нас хол хэвийсэн эмэгтэй байв. Мөн 50 орчим насны сайхан сэтгэлтэй Кэйт, Жэйн нар байв. Эхэндээ компаний ажилтнууд Кэйт, Жэйн хоёрыг маш их хэл амтай хүмүүс гэж гайхан ярихыг сонссон байсан учир их л болгоомжтой хандаж байлаа. Гэтэл удалгүй миний төсөөлөлт худлаа болох нь ажиглагдсан юм. Яг үнэндээ Кэйт, Жэйн хоёр бусад жуулчид дундаа зиндаа өндөртэй, хөрөнгө чинээтэй хүмүүс байлаа. Тиймдээ ч хэр баргийн зүйлс санаанд нь нийцдэггүй бөгөөд компаний Америк захирал надтай онцлон уулзаад байсан учир нь энэ удаагийн аялалд их өндөр зиндааны хүмүүс явж байгаад оршиж байжээ. Америк захирал намайг өөрийн биеээр хүлээн авч уулзсан нь энэ удаагийн аялалд онцгой анхаарал хандуулж байсан учиртай аж.

Бичсэн: 0rgil | цаг: 00:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax