ТА МИНИЙ БЛОГИЙН 24723 ДАХЬ ЗОЧИН
2008-07-27
1-10

Арав.*** 

Бидэнд хөлгийн тавцан дээр хоол гээд байх зүйл ч бараг байсангүй. Хөлөг салхинд дайвалзаж байсан учир бидний бүгдийнх нь дотор муухайрч байлаа. Би ч өөрийгөө хар багаасаа гэр хороололд өссөн, юм үзсэн, хэр баргийн зовлонг тоохооргүй хатуужсан гэж бодож байтал миний дотор муухайрч хөлгийн тавцангаас тонгойн бөөлжиж эхлэв. Хэсэг бөөлжөөд бие маань юу ч тамир тэнхээгүй болтлоо сулбайж орхилоо. Маргааш өдөр нь нуурын эрэг тэр чигтээ манантсан байсан бөгөөд эргээс тусламж дуудах ямар ч арга байсангүй. Бид бүтэн өдөржин дэмий ярьж суухаас өөр арга байсангүй. Би хөлгийн тавцангаар явж хүн бүртэй ярьж байсан учир хэн ямар байдалтай байгааг маш сайн мэдэж байлаа. Жессий охины ээж нүдээ бүлцийтэл уйлсан байв. Жуулчид дотор анх байсан шигээ байсан цорын ганц хүн Жим байлаа. Тэрээр зургийн аппаратаар эргийн мананг ширтсэн шигээ, ёстой л жаргалаа эдлэн зогсож байх нь тэр. Надад дандаа л гомдоллосон, уйтгарласан хүмүүстэй ярьж байхаар Жимтэй хэдэн үг солих нь их аятайхан санагдаж түүний дэргэд очин Хөвсгөл нуур ямар санагдаж байгааг асуулаа. Удалгүй бид түүний хувийн амьдралын талаар, ер нь амьдралын утга учир гэж юу болох гэх мэт өргөн хүрээнд ярьж эхэллээ. Түүний яриа, амьдралын талаарх ойлголт нь маш гүн, гүнзгий бөгөөд түүний ярианд түүний зэвүүн ч гэмээр харагдах шилэн нүд улам хүч нэмж байх шиг санагдлаа. Бидэн дээр бидний хөтөч болох Хөвсгөл нутгийн охин Цэцэгээ нэмэгдэж бид гурав шавайгаа ханатал философи ярьж авлаа. Цэцэгээ Улаанбаатарт Англи хэлний ангийн оюутан бөгөөд энэ аялалд Англи хэлний дадлага хийхээр явж байгаагаа ярьлаа. Мөн тэр Америкт амьдрах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Жим түүнд Хавайн их сургуулийн урилга явуулж болох юм гэж хэллээ. Жим ингэж хэлэхдээ над руу эрүүл нүдээ ирмэж Цэцгээг цаашлуулж байгаагаа илэрхийлж байлаа. Би тэр хоёрыг энэ савангийн хөөс шиг яриатай нь хамт орхиод бусад дээрээ очихоор явлаа. Иймэрхүү байдлаар цаг өнгөрөөх гэж оролдож байх хооронд Петер надад нэг мэргэн санаа хэллээ.

Бичсэн: 0rgil | цаг: 00:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax