ТА МИНИЙ БЛОГИЙН 27418 ДАХЬ ЗОЧИН
Ер нь хүнд бичиж эхлэх нас гэж байдаг юм болов уу? Орлоо ком дээр нэг ах хүү байна. Бодвол 40 нас лав гарсан бололтой. Үнэхээр бичиж байгаа юм нь цаанаа л нэг өөр байх юм. Та нар ороод үзье гэвэл энэ линкийг дараарай:

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=blogcategory&id=69&Itemid=235

Их залуудаа зохиолч болсон хүн дэлхийн түүхэнд их л ховор байдаг бололтой юм. Ер нь бусдад бодол санаагаа цэгцтэй, эргээд харахад ичихээргүй, ухаалгаар илэрхийлнэ гэдэг насны юм бололтой. Бас бусдад хандан юм бичнэ гэдэг бусдад ямар нэг зүйлийг бодогдуулах, ухааруулах санааг агуулж байна гэсэн үг. Гэтэл амьдралдаа юу ч үзэж, хараагүй ногооноороо байж бичгэн хэлбэрээр бусдад ухаарал хайрлана гэдэг бүтэшгүй зүйл бололтой. Мэдээж бичиж болно. Хэн ч хориглохгүй. Тэгэхдээ өөрийгөө болоогүй байна гэдгийг л харуулах юм шиг байна.
2008-08-05
© ЭНЭХҮҮ БИЧЛЭГ ЗӨВХӨН ЗОХИОГЧИЙН ӨМЧ БӨГӨӨД ХУУЛЬ БУСААР АШИГЛАН БУСДАД ТАНИЛЦУУЛАХ, КИНО, ЖҮЖИГ БОЛГОХ ГЭХ МЭТ БАЙДЛААР ЗОХИОГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХЭЛБЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ХОРИГЛОНО. ЗОХИОЛД ГАРЧ БУЙ ГАЗАР, БАЙГУУЛЛАГА, ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ САНАМСАРГҮЙ БАЙДЛААР СОНГОСОН БӨГӨӨД УГ НЭРС АЛИВАА БОДИТ НЭРТЭЙ АДИЛ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЗОХИОГЧ БУСДЫН НЭР ТӨРД ХАЛДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ. ЭНЭ ЗОХИОЛД ГАРЧ БУЙ ҮЙЛ ЯВДАЛ ЦЭВЭР ЗОХИОГЧИЙН ХИЙСВЭР СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН БӨГӨӨД ЯМАР НЭГ БОДИТ БАЙГУУЛЛАГА, ХҮНИЙГ ШҮҮМЖЛЭХ САНАА АГУУЛААГҮЙ БОЛНО. ЗОХИОЛЫГ ЯМАР НЭГ УРАН БҮТЭЭЛД АШИГЛАХ БОЛ dorj_luvsan@yahoo.com ХАЯГААР ЗАХИДАЛ БИЧИЖ БОЛНО. 
2008-07-27

Нэг.***


Би
өглөө сурсан зангаар яг 9 цагт ажилдаа ирээд хамгийн дуртай ажил болох имэйлээ шалгаж суулаа. Би уг нь тийм ч томоотой, нямбай хүн биш л дээ. Гэхдээ л хүний итгэлийг алдах, ярьсан яриа, амалсан амлалт, гэрээ зэргийг зөрчих дургүй хүн. Удалгүй ажлынхан маань ч уван цуван орж ирцгээв. Тэдний хувьд ажлаас хоцрох тийм ч их эмээгээд байх зүйл биш. Харин би бүтэн жил ажиллачихаад одоо болтол ажлаас хоцрохоос эмээнэ. Ажлын өдөр эхэлдгээрээ л эхэлж бид ч бүгд өөр өөрсдийн дөрвөлжин хаалтны цаана хувь, хувийнхаа имэйлийг шалган сууцгаав. Бидний энэ дөрвөлжин хаалтнууд бидний хувьд хоёр дахь орон гэр минь байлаа. Хүүхнүүдийнх бол ширээн дээгүүрх нь арай эмх цэгцтэй, хааяа нэг загварын сэтгүүл, элдвийн ном ширээн дээгүүр нь хөглөрнө. За тэгээд хүүхнүүд л болсон хойно нөхөр, хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ жаазлаад тавьчихна. Эрчүүдийнх бол цаасанд дараастай, ширээн доорх хогийн саванд нь ч мөн базаж хаясан цаас дүүрсэн байдалтай харагдана. Миний ширээ бусдын ширээг бодвол арай цөөхөн цаасны хог хөглөрч харагдана. Үнэндээ миний сайных ч биш л дээ. Би ээлжийн амралтаа авах гээд амихандаа бүх ажлаа цэгцэлчихээд байгаа нь энэ ухаантай юм. Би олон жил хөдөө, гадаа гадаадын хэрмэл, хэсүүл жуулчдыг дагалдан явсан бөгөөд ийм бичиг цаасны ажилд ороод ердөө л ганц жил болж байгаа юм. Эхэн үедээ надад дөрвөн хананд хашигдан өдөржин суух их хэцүү санагддаг байсан ч удалгүй дасаж бүр өдөр хоногийг компьютерийн ард суулгүйгээр өнгөрөөх нь хэцүү санагддаг болсон байв. Гэсэн ч би хааяа нэг хөдөө хээр газар очиж, эрх дураараа байх, нэг сайхан хээрийн хоол идэж, түүдэг гал асааж суухсан гэж мөрөөсдөг байв.
2008-07-27

Хоёр. ***


Миний
утас дугарах үед би яг л ийм зүйл мөрөөдөж суув. Утсаа автал цаана тожигонох чимээ гарсанаа уучлаарай энэ Төмөрөө мөн үү гэх эмэгтэй хүний дуу гарав. Би ч манай хамтран ажилладаг байгууллагуудаас ярьж байна гэж бодон "Тийм байна. Ямар асуудлаар ярьж байна?" гэж албархуу өнгөөр асуулаа. "Би Алтай Травел компаниас ярьж байна. Та манайх руу орчуулагчаар ажиллах хүсэлт гаргасан имэйл явуулсан байсан. Манай дарга тантай өнөөдөр 1 цагт уулзъя гэнэ. Та ирэх боломжтой юу?" гэж асуухад миний дотрыг маажих шиг болж "Тэгэлгүй яахав. Танайх хаана байдаг билээ?" гэж асуув. Тэр үед миний хөдөө нутгийг мөрөөсөж, хэрэн хэсүүчлэх хүслийг минь дүрэлзүүлэх шиг л болов. Тэр өдөр миний ажлын сүүлчийн өдөр байсан бөгөөд маргаашнаас миний ээлжийн амралт эхлэх байлаа. Тэр өдөр үдийн цайны цаг хүртэлх хугацаа миний хувьд маш удаан өнгөрч байлаа. Миний ухаан бодол ажил дээр төвлөрч өгөхгүй цаг ямагт л хөдөө явахдаа авч явах юу байгаа билээ, миний хөглөрч байсан хуучин герман цэргийн гутлыг минь ээж аваад хаячихаагүй байгаа, дуран маань ингэхэд хаана байгаа билээ гэх мэт зүйлс эргэлдэж байлаа. Нэг цаг болоход 30 минут дутуу байхад би ажлаасаа гарч такси барин Алтай Травел компани руу явж байлаа. Хотын гудамжны хөдөлгөөн их, жолооч нар бие биенээ харааж, хар халуунд хөлсөө урсгаж байхыг хараад надад бушуухан л энэ тамаас салж, агаарт гарах бодол төрж байв.
2008-07-27

Гурав. ***


Намайг
компаний хаалгаар орох үед буурал толгойтой Америк эр толгой дохин зөрж өнгөрөв. Би компаний хүлээн авагч Монгол ажилтан руу очиж намайг 1 цагт ирж уулз гэж утсаар хэлсэн тухайгаа тайлбарлахад тэрээр уриалгахан та тэр уулзалтын өрөөнд ороод түр хүлээж байхгүй юу гэж нэг саруулхан өрөөг заалаа. Би ч угийн хүүхэмсэг зангаараа надад өрөө зааж өгсөн хүүхнийг ажиглаад авлаа. Ийм бие, зүс царайтай хүүхэн эгзгийг нь олоод ганцхан инээмсэглэхэд ямар ч залуугийн зүрхэнд хайр дурлал үүсч, хөөрхөн царайгаа хэдэн хором гунигтай болгоход хэдэн саяын хөрөнгө урсаад ороод ирэх нь гарцаагүй. Гэтэл энэ компанид зочин угтах ажил хийж байдаг нь хачин юм даа. Энэ ажлаа ч нэг их удаан хийхгүй байх даа гэсэн шүү юм бодоод өөрийн орж суусан өрөөн доторхыг сайн ажиглаж ч амжаагүй байхад надтай үүдэнд зөрсөн буурал америк орж ирэн Монголоор маш цэвэрхэн мэнд асууж гар барив. Тэрээр миний имэйлийг уншсан бөгөөд миний Англи хэлний мэдлэг энэ удаагийн жуулчдыг авч явахад яг тохирч байгааг онцоллоо. Тэр үед би миний гадаад хэл ч дээ гадаад хүндээ бол түмпэн, шанага цохиж байгаа юм шиг л сонсогдож байгаа гэсэн шүү юм бодож суулаа. Тун удалгүй Америк эр компанийхаа ерөнхий менежер гэгдэх Саруул гэх хүүхэнтэй намайг танилцуулж за та хоёр аялалынхаа нарийн ширийнийг ярилц гэж хэлээд гарч одов. Саруул гэх бүсгүй 35 орчим настай, ажилчиддаа нэлээд хатуу, зарчимч ханддаг байх гэмээр төрхтэй бүсгүй байлаа. Бид хоёрын яриа шууд л аялалын асуудал руу орлоо. Би тухайн үед намайг яагаад шууд энэ хүүхэнтэй уулзуулаагүй Америк захирал нь өөрөө надтай эхэлж уулзсан юм бол гэж гайхан бодсон боловч Саруултай ярилцаж анхаарал маань хоёр хоногийн дараа эхлэх аялалд маань чиглэгдлээ.
2008-07-27

Дөрөв. ***

Үдээс хойш 4 цаг болж байхад миний гэдэс хонхолзон өнөөдөр үдийн хоол идээгүй болохыг минь анхааруулж эхэллээ. Яг энэ үед утас минь дугарав. Энхмаагийн дугаараас дуудлага ирж байгааг хараад миний дотор бяцхан догдлох сэтгэл төрлөө. Би Энхмааг олон залуучуудтай уулздаг, явдалтай гэгдэх хүүхний нэг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л над руу тэр болгон бүсгүй хүн хувийн асуудлаар ярьдаггүй учир нэг л сайхан санагдаж байлаа. Төмөрөө чи дээр намайг уулзъя гэхэд би завгүй байсан юм аа. Би амралтын өдрүүдэд завтай гэж хэлэх нь хоёулаа амралтын өдөр яасан ч яахав гэж хэлэхтэй адил сонсогдов. Би ойрд эмэгтэй хүнтэй учраагүй байсан бөгөөд би өөрийгөө бусадтай адил эмэгтэй хүнийг өөртөө дасган авах чадваргүй гэдэгтээ бүрэн итгэдэг болоод удаж байгаа юм. Надад хэзээ ч жинхэнэ найз бүсгүй гэж байдаггүй байлаа. Энхмаатай бол шууд танилцсан өдрөө хамт унтаж байлаа. Миний хайр сэтгэлийн асуудал нэг иймэрхүү замаар л зохицуулагддаг байв. Харин энэ удаагийн дуудлага нэг л өөр байлаа. Би Энхмааг надад үнэхээр онцгой хандаж байна гэдгийг түүний хоолойны өнгөнөөс мэдэрч байв. Бас гэдэс минь өлсөж байгаагаас илүүтэйгээр эмэгтэй хүн хүсэж байгаагаа ойлголоо. Би яг одоо ажлаа тарж байна хоёулаа нэг газар хамт орж хоол идье гэхэд тэр үүнийг хүлээж байсан мэт би одоо Орос ресторанд байна чи 30 минутын дараа хүрээд ирж чадах уу гэв.
2008-07-27

Тав. ***


Би
Энхмааг хэд, хэдэн удаа тэр ресторанд хоолонд оруулж байсан бөгөөд ажлын минь хажууханд байгаад нь олзуурхаж одоохон очлоо гэж хэлээд утсаа салгав. Би нягтлантай уулзаж амралтынхаа мөнгийг аваад ажлынхандаа баяртай гэж хэлээд сайхан амраарай гэх үгийг нь хагас дутуу сонссон болоод уяанаас алдуурсан нохой шиг л алга болов. Тэр орой бүх зүйл миний санаснаар болж би өглөө нь анх удаа эмэгтэй хүнтэй унтсан банди шиг л додигор амьтан босч ирлээ. Энхмаа намайг босч ирэхийг огт мэдээгүй бололтой унтаж байна. Бид хоёр өчигдөр тэр ресторанд нэлээд хэдэн шил шар айрагны ард гарсан бөгөөд буудлын өрөөнд ч нэлээд хоосон лонх хөглөрч харагдана. Би ч пивийг бараг өөрийнхөө өдөр тутмын хэрэглээ болгосон хүн учир шартах нь байтугай бүр бие хөнгөрсөн босож ирлээ. Харин би Энхмааг надтай эн тэнцүү шар айраг ууж өрсөлдөнө гэж бодоогүй юм. Бодвол одоо л уусны маргааш өдрийн зовлонг үзэх биз. Би цагаа хартал 10 цаг болж байна. Гэнэт би Саруултай 9 цагт уулзахаар тохирсоноо саналаа. Би маш хурдан хувцаслаж доош шатаар уруудан гүйж зочид буудлын ажилтантай тооцоо хийгээд гарч одлоо. Намайг орж ирэхэд Саруул энэ ч дээ гэсэн янзтай харсанаа за та тэр автобусны жолоочтой хамт жуулчдаа тосохоор яв даа гэж дурамжхан хэллээ. Би ч ажилдаа хариуцлагатайгаараа гайхагдаж, магтаал сонсдог байсан хүний хувьд цагаасаа хоцорсондоо бага зэрэг ичиж үг дуугүй гадаа хүлээж байсан автобус руу гүйж очоод жолоочтой толгой дохин мэндлээд орлоо.
2008-07-27

Зургаа.***

Жуулчид онгоцны буудлаас уван цуван гарч ирсээр 6 хүн болох үед жолооч бид хоёр цүнхийг нь ачиж аваад Баянгол зочид буудал руу ухасхийж тэндээ жуулчдаа оруулаад буцлаа. Компани руу явж очих үед Саруул та өнөөдөр явж аялалд явах бэлтгэлээ хий, Хөвсгөлд их хүйтэн учир дулаан хувцас аваарай гэж хэлэв. Түүний дууны өнгө энэ удаад арай зөөлөрсөн санагдав. Би ч явж тэр өдрийг барааны захаар хэсэж өнгөрүүлэв. Маргааш өглөө эрт аялалд гарах байсан тул би энэ оройг бүтэн нойртой сайн унтаж өнгөрүүлэхээр шийдэж Энхмаатай утсаар ярьсаны дараа утсаа унтрааж тавиад толгойгоо дэрэн дээр тавингуут нам унтсан байлаа. Өглөө эрт жуулчидтайгаа нэг бүрчлэн танилцлаа. Бид өмнө нь онгоцны буудал дээр мэнд усаа мэдэлцсэн боловч яг хэн нь хэн бэ гэдгийг хараахан таньж амжаагүй байв. Жуулчдын хамгийн этгээд хүн нь Жим гэгч 60 хүрч байгаа болов уу гэмээр эр байв. Өрөөсөн хиймэл нүдтэй, шанааныхаа үсийг өнгө өнгийн тууз оруулан сүлжсэн, эртний Монгол ноёдыг санагдуулам ооч сахалтай эр байв. Тэрээр этгээд гадаад төрхтэйгээс гадна этгээд зан харьцаатай нэгэн байлаа. Жуулчид дотроос хэнтэй нь ч найзлахгүй, байнга өөрийн гэсэн орон зайг хадгалж яваа нь шууд нүдэнд тусч байв. Би хүмүүсийг ажиглахдаа хамгийн содон хүмүүсийг эхэлж ажигладаг зангаараа хамгийн түрүүнд Жимийг ажигласан байлаа. Дараа нь ээж, охин хоёр анхаарлыг минь татав. Ээж нь Мерри гэх буурал авгай байх бөгөөд үс нь буурлыг эс тооцвол хэн ч харсан сайхан бүсгүй гэж хэлэхээр залуухан төрхтэй, эелдэг хүн байв. Би гадаад хүмүүс яагаад ингэж сайхан хөгширдөг болохыг үргэлж гайхдаг байв. Түүний охин Жеси гэх годогоносон охин байх бөгөөд би 16, 17 орчим насны охин байх гэж бодсон нь тэдэнтэй ярилцах үед худлаа болж түүнийг 25 настай гэдгийг мэдэж авлаа. Тэрээр Америкт Англи хэлний багш хийдэг гэж өөрийгөө танилцуулахад ээж нь надад хандан чи манай охиноор англиар яаж зөв ярихыг заалгаж ав гэж зөвлөлөө. Бусдын яриаг үргэлж хүндэтгэлтэй сонсож, чимээгүй суух нэгэн аварга эр байсныг сүүлд Майк гэдгийг мэдэж авлаа. Тэрээр үргэлж Мандолин хөгжим үүрч явах бөгөөд Америкийн эртний дуунууд боловуу гэхээр дуунуудыг маш чадварлаг тоглож дуулдаг хүн байв. Дараа нь аварга Майкаас нуруу, биеэр дутахааргүй Швед улсаас ирсэн аварга эр Петертэй танилцлаа. Тэрээр Марио гэх компьютерийн тоглоом дээр гардаг гол баатартай их төстэй хүн байлаа. Хамар доороо том сахалтай гэнэн цайлган гэмээр яриатай хүн байлаа. Үүний дараа ямар ч хүнтэй найз байх чадвартай боловуу гэмээр яриа хөөрөөтэй надтай ойролцоо насны Канад залуу болох Пит байв. Пит Канадад аудитийн пүүст аудитор хийдэг чамгүй боловсролтой залуу байлаа. Түүний бусадтай харилцаж байгаа байдлыг харахад бусдын үгэнд хүч нэмсэн ганц хоёр үг хэлж, инээдтэй зүйл ярихад чанга инээхээс биш өөрийнхөө тухай ярих, ярианы гол тоглогч байх ямар ч бодолгүй байдаг нь анзаарагдав. Гэхдээ л тэр бусдын дунд үргэлж уриалагч маягийн дүрд тоглодог болох нь ойлгомжтой байв. Америктаа интернетийн худалдаа эрхэлдэг гэх Женнитэй мөн танилцав. Тэр жаахан охин шиг харагдах мөртлөө 40 нас хол хэвийсэн эмэгтэй байв. Мөн 50 орчим насны сайхан сэтгэлтэй Кэйт, Жэйн нар байв. Эхэндээ компаний ажилтнууд Кэйт, Жэйн хоёрыг маш их хэл амтай хүмүүс гэж гайхан ярихыг сонссон байсан учир их л болгоомжтой хандаж байлаа. Гэтэл удалгүй миний төсөөлөлт худлаа болох нь ажиглагдсан юм. Яг үнэндээ Кэйт, Жэйн хоёр бусад жуулчид дундаа зиндаа өндөртэй, хөрөнгө чинээтэй хүмүүс байлаа. Тиймдээ ч хэр баргийн зүйлс санаанд нь нийцдэггүй бөгөөд компаний Америк захирал надтай онцлон уулзаад байсан учир нь энэ удаагийн аялалд их өндөр зиндааны хүмүүс явж байгаад оршиж байжээ. Америк захирал намайг өөрийн биеээр хүлээн авч уулзсан нь энэ удаагийн аялалд онцгой анхаарал хандуулж байсан учиртай аж.

2008-07-27

Долоо. ***


Бид
жуулчидтай шууд Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу ниссэн бөгөөд Мөрөнд нэг нэр нь үл мэдэгдэх зочид буудалд буулаа. Сүүлд зочид буудлын ажилтантай ярилцаж байж энэ зочид буудал компаний өөрийн буудал болохыг нь мэдэж авлаа. Маргааш өглөө нь биднийг хоёр фургон машин хүрч ирж аваад усан онгоцны боомт руу хөдөллөө. Замд маш их бороо орсон учир бидний фургон шаварт сууж орхилоо. Бүх жуулчдаа буулгаж байгаад бид фургоныг түрж гаргах гэж өдөржин оролдоод арга тасран сууж тамхилцгаав. Тамхилж суух үед надад хүн бүртэй ярилцаж хувийн амьдралынх нь талаар сонирхох боломж гарлаа. Зочид буудлын менежер гэгдэж байсан залууг Баяраа гэх бөгөөд уг жуулчны компаний Монгол талын захирал байсныг мэдлээ. Мөн ярилцаж суух үедээ Баярааг ерөнхий Менежер Саруулын нөхөр болохыг бас мэдлээ. Тэр хоёр хүүхдээ Хөвсгөл аймгийн 10 жилийн сургуульд сургадаг аж. Би ч саваагүй зан хөдөлж ийм том компанийг удирдаж байж хүүхдүүдээ хувийн сургуульд яагаад оруулаагүйг асуугаад авав. Тэр чамд ямар хамаатай юм гэсэн байртай харсан боловч жолооч бас сонирхож байгааг хараад тэр хүүхдүүдээ Хөвсгөлд сургууль төгсгөөд гадаад руу ахлах сургуульд явуулахаар төлөвлөж байгаагаа, мөн тэрээр өөрөө Хөвсгөлийн уугуул бөгөөд анх бизнесийнхээ гарааг Хөвсгөлөөс эхэлсэн тухайгаа ярьж, энд газар авч том хэмжээний амралт байгуулж байгаагаа ч бас ярив. Би ч олон зүйл асуусангүй. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Би эдний дунд цорын ганц гадны хүн бөгөөд миний найзлах ёстой хүмүүс бол жуулчид юм байна гэдэг нь тодорхой боллоо.
2008-07-27

Найм. ***

Баяраа надад хандан надаас арай дээгүүр зиндааны өнгөөр үргэлжлүүлэн ярив. Тэр намайг цааш явахдаа ганцаараа жуулчдаа хариуцан авч явах бөгөөд надтай хамт хоол хийлгүүлэхээр нэг Хөвсгөлийн охин хамт явах тухай тайлбарлав. Үнэндээ тэр Хөвсгөл нутгийн охин бидний албан ёсны хөтөч байсан юм. Тэр охин л нутгийнхаа тухай ярьж өгч, би орчуулсан болоод өнгөрдөг байв. Баяраа царайгаа төв болгож энэ удаагийн аялал надаас 100 хувь шалтгаалах болохыг тайлбарлаж, надад итгэж байгаагаа илэрхийллээ. Би ч итгэлийг нь алдахгүй байхыг хичээхээ хэлсэнээр бидний яриа өндөрлөлөө. Удалгүй голын цаад эргээс фургон ирж биднийг татан гаргаснаар бид цааш явж бүрэнхий болох үест боомтод ирлээ. Тэнд бид маш хурдтай оройн хоол идэж усан онгоцонд сууцгаалаа. Би хоол идэх үедээ жуулчидтай дотно яриа өрнүүлж байсан учир усан онгоцонд суух үед бүгдтэй нь аль хэдийн сайн найз болсон байв. Хөвсгөл нуур нутгийнханы хэлдгээр үнэхээр далай ээж аж. Маш үзэсгэлэнтэй, зарим газраар нь явахад үлгэрийн орон шиг л санагдаж байлаа. Гэсэн ч энэ сайхан аялал удаан үргэлжилсэнгүй. Усан онгоцны мотор замын тэг дунд унтарч орхилоо. Жолооч яаж ч асаах гэж оролдоод асааж чадсангүй. Би Петерийг элдвийн техник оролддог гэдгийг мэдэх учир жолоочид туслуулахаар аваачив. Жолооч, Петер бид гурав онгоцны моторыг оройжин оролдоод асааж чадсангүй арга тасарлаа. Петер үе, үе хөлсөө арчиж байхыг, мөн царай нь барайсан байхыг хараад би бусад жуулчид яаж байгаа бол гэж санаа зовж эхлэв. Би Петерт одоо оролдохоо болъё, бусад дээрээ очъё гэж хэлэхэд тэр ч дуртай нь аргагүй босч бид хоёр усан онгоцны тавцан руу авиран гарцгаалаа.
2008-07-27

Ес.*** 

Биднийг
жуулчид дээр ирэх үед тэд лааны гэрэлд хөгжилтэй юм ярьж байгаа бололтой инээлдэн сууцгааж байв. Намайг ороод сайн ажиглах үед Жесси охины ээж Мерри толгой дээрээ чийгтэй алчуур тавьсан харагдлаа. Түүнийг нүдээ халхалж байсан алчуураа авахад царайд нь илт түгшсэн шинж ажиглагдлаа. Охиныг нь харахад тэр өрөөний нэг буланд уйтгарлан сууж байгаа харагдав. Жуулчдын хөгжилтэй яриаг ямар нэг аргаар үргэлжлүүлж байх нь энэ хүнд байдлыг давахад хэрэгтэй гэдгийг би ухаарч тэдний ярианд оролцож, хөгжөөхийг оролдож эхэллээ. Бид удалгүй унтахаар болцгоож, би тэдэнд удахгүй моторыг засаад хөдөлнө гэж тайвшруулаад гарч явав. Намайг онгоцны жолооч дээр эргэн ирэхэд тэр арга нь барагдаад тамхи татан сууж байв. Түүний ярианаас эргээс чирч явах завь дуудахаас өөр арга байхгүй болсоныг ойлголоо. Би компаниас надад хариуцуулж өгсөн сансарын утсаар Улаанбаатар руу залгалаа. Тэр шөнө их зузаан үүлтэй бороо шивэрч байсан учир утсанд сигнал ирэхгүй байлаа. Нэлээд удаан оролдсоны эцэст арай гэж холбогдлоо. Би Саруулд болсон явдлыг тайлбарлаж, яах тухай асуухад тэр нэг зүйл хэлсэн боловч утас шажигнан юу ч сонсогдсонгүй. Удалгүй утас шивэрч байсан борооноос болсон уу огт асахаа болив. Би утсыг Петерт үзүүлэхээр ороход жуулчид өөр, хоорондоо чихэлдэн унтаж байлаа. Петер босч ирэн толгойдоо зүүсэн гэрлээ асааж утсыг баахан оролдоод асааж дийлсэнгүй. Удалгүй бид хоёр дээр аварга биет Майк хүч нэмэгдүүлэн орж ирэв. Нэг мэдэхэд бүх жуулчид босч ирэн бид гурвын юу хийж байгааг ажиглаж байв. Бид гурав утсыг оролдоод асааж дийлсэнгүй. Би жуулчдын царайг ажиглан хартал тэд бүгд маш их түгшсэн болох нь илт байлаа. Тэд түгшсэн байдлаа янз бүрээр тайлбарлаж байлаа. Петер надад онгоцны тавцан дээр байхад хэрэв усан онгоц салхинд туугдаж явсаар эргийн хад мөргөвөл бид бүгд хүйтэн усанд живч үхнэ гэж хэлж байв. Би түүнд яагаад, бид сэлээд эрэг рүү гарчихна шүү дээ гэхэд, нуурын ус их хүйтэн байгаа, мөн хүйтэн усанд гэнэт орсон хүний шөрмөс татаж, сэлэх чадваргүй болдог гэж тайлбарлалаа. Би түүнд энэ тухай бусаддаа хэлэхгүй байхыг ятгасан юм. Жуулчид энэ аялалыг муу зохион байгуулсан байна, бид энэ тухай америк талын удирдлагуудад гомдол гаргана гэж хэлж байхыг сонслоо. Харин Петер бид хоёрын аминчлан ярьсан зүйлийн хувьд тэд энэ тухай хангалттай мэдлэгтэй болох нь илт байв.

2008-07-27

Арав.*** 

Бидэнд хөлгийн тавцан дээр хоол гээд байх зүйл ч бараг байсангүй. Хөлөг салхинд дайвалзаж байсан учир бидний бүгдийнх нь дотор муухайрч байлаа. Би ч өөрийгөө хар багаасаа гэр хороололд өссөн, юм үзсэн, хэр баргийн зовлонг тоохооргүй хатуужсан гэж бодож байтал миний дотор муухайрч хөлгийн тавцангаас тонгойн бөөлжиж эхлэв. Хэсэг бөөлжөөд бие маань юу ч тамир тэнхээгүй болтлоо сулбайж орхилоо. Маргааш өдөр нь нуурын эрэг тэр чигтээ манантсан байсан бөгөөд эргээс тусламж дуудах ямар ч арга байсангүй. Бид бүтэн өдөржин дэмий ярьж суухаас өөр арга байсангүй. Би хөлгийн тавцангаар явж хүн бүртэй ярьж байсан учир хэн ямар байдалтай байгааг маш сайн мэдэж байлаа. Жессий охины ээж нүдээ бүлцийтэл уйлсан байв. Жуулчид дотор анх байсан шигээ байсан цорын ганц хүн Жим байлаа. Тэрээр зургийн аппаратаар эргийн мананг ширтсэн шигээ, ёстой л жаргалаа эдлэн зогсож байх нь тэр. Надад дандаа л гомдоллосон, уйтгарласан хүмүүстэй ярьж байхаар Жимтэй хэдэн үг солих нь их аятайхан санагдаж түүний дэргэд очин Хөвсгөл нуур ямар санагдаж байгааг асуулаа. Удалгүй бид түүний хувийн амьдралын талаар, ер нь амьдралын утга учир гэж юу болох гэх мэт өргөн хүрээнд ярьж эхэллээ. Түүний яриа, амьдралын талаарх ойлголт нь маш гүн, гүнзгий бөгөөд түүний ярианд түүний зэвүүн ч гэмээр харагдах шилэн нүд улам хүч нэмж байх шиг санагдлаа. Бидэн дээр бидний хөтөч болох Хөвсгөл нутгийн охин Цэцэгээ нэмэгдэж бид гурав шавайгаа ханатал философи ярьж авлаа. Цэцэгээ Улаанбаатарт Англи хэлний ангийн оюутан бөгөөд энэ аялалд Англи хэлний дадлага хийхээр явж байгаагаа ярьлаа. Мөн тэр Америкт амьдрах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Жим түүнд Хавайн их сургуулийн урилга явуулж болох юм гэж хэллээ. Жим ингэж хэлэхдээ над руу эрүүл нүдээ ирмэж Цэцгээг цаашлуулж байгаагаа илэрхийлж байлаа. Би тэр хоёрыг энэ савангийн хөөс шиг яриатай нь хамт орхиод бусад дээрээ очихоор явлаа. Иймэрхүү байдлаар цаг өнгөрөөх гэж оролдож байх хооронд Петер надад нэг мэргэн санаа хэллээ.

2008-07-27

Арваннэг.***

Бид Петерийн санал болгосны дагуу онгоцон дээр байгаа төмөр поошигийг нүдэж чимээ гаргахаар боллоо. Бид бүгд л төмөр мод авцгаан чимээ гаргаж болох юу л байна бүгдийг нүдэж эхэллээ. Эрэг дээрээс биднийг хүн сонсоод хүрч ирж магадгүй гэж горьдсон бидний горьдлого удалгүй талаар болов. Бид юм нүдэж чимээ гаргахаас залхацгаав. Зарим нь хоолойгоо сөөтөл хашгирч ч үзлээ. Үнэхээр ч далай ээжийг басаж болохооргүй том аж. Удалгүй жолооч кабинаасаа хуучин ноорхой хувцаснууд гаргаж ирэн поошгинд хийж гал тавьлаа. Үүнийг ажиглаж байсан жуулчид тун мэргэн санаа болохыг ойлгож түүнд туслан элдвийн шатаах зүйл авчирч өгч байлаа. Удалгүй хөлөг дээр байсан том хар дугуйг авчирч шатааснаар бидний хүсэж байсан хар утаа суунаглаж эхэллээ. Удалгүй дугуй ч шатаж дуусаад орой болох тийш хандсан байсан тул бид буцан кабинд орж сууцгаалаа. Бид байсан идэх юмаа хувааж идэцгээв. Би энэ аялалд гол хариуцлагыг үүрч байгаа хүний хувьд, ийм байдалд орсонд өөрөө буруутай мэт санаа зовж байлаа. Яагаад ч юм би өөрийн хариуцлагаа ямагт дөвийлгөн боддог бөгөөд энэ магадгүй миний бусдаас магтаал сонсох дуртай байдаг зантай ч холбоотой байх. Тиймдээ ч надад үлдсэн жаахан хүнснээс идээд байх бодол байсангүй. Харин юм идэхгүй сууж байгаа ганц нэг жуулчинд идэх юм дөхүүлж өглөө. Хамгийн сүүлд өөртөө нэг давсалсан годгор хиам үлдээж аваад ганц хоёр хазсан боловч удалгүй уусан устай минь хамт бөөлжис болон гарч явлаа. Жолоодлогогүй хөлгийн тавцан дээр удаан байх үнэхээр ийм л байдаг аж. Салхи намуухан үед бага дайвалзах бөгөөд, ширүүсэх үед хүчтэй дайвалзан хамаг л идсэн, уусан зүйлсийг чинь гадагшлуулж дөнгөдөг аж. Бие минь маш сул байсан ч надад амарч суух бодол төрсөнгүй.
2008-07-27

Арван хоёр.***

Хөлгийн тавцан дээр уйлан сууж байгаа Цэцэгээ охин дээр очиж тайвшруулах гэж оролдлоо. Түүнд өөрийн идэж байсан тал хиамаа өгөхөд тэр идэхгүй гэдгээ илэрхийлж гараараа түлхлээ. Би ч ямар нэг үг хэлсэнгүй. Үнэндээ би хүмүүсийг тайвшруулах гэж явсаар байгаад тэднийг тайвшруулахаасаа илүүтэйгээр залхаасан байх магадлалтай. Би зүгээр л Цэцгээгийн дэргэд бараа болон суулаа. Цэцэгээ надад эмэгтэй хүний хувьд гэхээс илүүтэйгээр дүү шиг минь дотно санагдаж байлаа. Хэзээ ч тавьдаггүй хүүхэмсэг зангаа тэгэхэд би ор тас мартсан байлаа. Надад түүнийг мөрөөр нь тэвэрч суугаад тайвшруулах санаа төрсөн боловч ингэх нь түүний дотор намайг түүнд санаатай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй санагдаж гараа татлаа. Тэр шөнийг би жолоочийн кабинд хэвтэн зүүрмэглэж өнгөрөөлөө. Маргааш өглөө нь жуулчид дээр очиход бүгд л ядарсан, аяншсан шинжтэй болсон байлаа. Урьд өдрийг бодоход эргийн манан арай шингэрсэн харагдаж байлаа. Петер ч угийн сүйхээтэй гэдгээ харуулж надаас онгоцонд шөнийн гэрэл байгаа эсэхийг асуулаа. Би жолоочоос асуухад, жолооч кабин дээр байгаа том прожекторыг заав. Бид алсад харагдах эрэг рүү прожекторыг чиглүүлэн аврах дохио өглөө. Аз болж тэр эрэг дээр амарч байгаа гадны жуулчин байвал бидний өгч буй дохиог ойлгох байлаа. Би ч үүнд нэмэр болох үүднээс бусад жуулчдад төмөр, модоо авч хангинуулж эхлэхийг уриаллаа. Би Женнид анх уулзсан үеээсээ хойш салахгүй өмсөж байгаа улаан цамцаа авч эргэлдүүлэхийг даалгалаа. Бид хэсэгтээ л галзуу юм шиг орилолдоцгоов. Харамсалтай нь эрэг биднээс даан ч хол байлаа.
2008-07-27