Арваннэг.***
Бид Петерийн санал болгосны дагуу онгоцон дээр байгаа төмөр поошигийг нүдэж чимээ гаргахаар боллоо. Бид бүгд л төмөр мод авцгаан чимээ гаргаж болох юу л байна бүгдийг нүдэж эхэллээ. Эрэг дээрээс биднийг хүн сонсоод хүрч ирж магадгүй гэж горьдсон бидний горьдлого удалгүй талаар болов. Бид юм нүдэж чимээ гаргахаас залхацгаав. Зарим нь хоолойгоо сөөтөл хашгирч ч үзлээ. Үнэхээр ч далай ээжийг басаж болохооргүй том аж. Удалгүй жолооч кабинаасаа хуучин ноорхой хувцаснууд гаргаж ирэн поошгинд хийж гал тавьлаа. Үүнийг ажиглаж байсан жуулчид тун мэргэн санаа болохыг ойлгож түүнд туслан элдвийн шатаах зүйл авчирч өгч байлаа. Удалгүй хөлөг дээр байсан том хар дугуйг авчирч шатааснаар бидний хүсэж байсан хар утаа суунаглаж эхэллээ. Удалгүй дугуй ч шатаж дуусаад орой болох тийш хандсан байсан тул бид буцан кабинд орж сууцгаалаа. Бид байсан идэх юмаа хувааж идэцгээв. Би энэ аялалд гол хариуцлагыг үүрч байгаа хүний хувьд, ийм байдалд орсонд өөрөө буруутай мэт санаа зовж байлаа. Яагаад ч юм би өөрийн хариуцлагаа ямагт дөвийлгөн боддог бөгөөд энэ магадгүй миний бусдаас магтаал сонсох дуртай байдаг зантай ч холбоотой байх. Тиймдээ ч надад үлдсэн жаахан хүнснээс идээд байх бодол байсангүй. Харин юм идэхгүй сууж байгаа ганц нэг жуулчинд идэх юм дөхүүлж өглөө. Хамгийн сүүлд өөртөө нэг давсалсан годгор хиам үлдээж аваад ганц хоёр хазсан боловч удалгүй уусан устай минь хамт бөөлжис болон гарч явлаа. Жолоодлогогүй хөлгийн тавцан дээр удаан байх үнэхээр ийм л байдаг аж. Салхи намуухан үед бага дайвалзах бөгөөд, ширүүсэх үед хүчтэй дайвалзан хамаг л идсэн, уусан зүйлсийг чинь гадагшлуулж дөнгөдөг аж. Бие минь маш сул байсан ч надад амарч суух бодол төрсөнгүй.